Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ, хэтийн төлөв /мян.тонн/
Автобензин, дизелийн түлшний импорт 2006-2013 он хүртэл хугацаанд жилд дунджаар 10 хувиар өсч ирсэн ч сүүлийн 2 жилд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан буурсан үзүүлэлттэй байна. Шатахууны импортын хэмжээг төрлөөр нь авч үзвэл сүүлийн арван жилд А-80 автобензин тогтмол буурч байгаа бол Аи-92 автобензиний импорт тогтмол өсч байна. Харин дизелийн түлшний импорт уурхайнуудын үйл ажиллагаатай уялдан тогтворгүй, хэлбэлзэлтэй байгаа боловч урт хугацаанд өсөх хандлагатай байна.
2016 онд импортолсон газрын тосны бүтээгдэхүүн
Газрын тосны бүтээгдэхүүний импортыг бүтцээр нь авч үзвэл 90-ээс дээш октантай автобензин 27%, 90-ээс доош октантай автобензин 4 орчим хувь, дизель түлш 50%, онгоцны түлш 2%, бусад /тос тосолгооны материал, мазут, хий / 17%-ийг эзэлж байна. Нийт импортын 93 гаруй хувийг ОХУ, 4.6 орчим хувийг БНСУ, 2 хувийг БНХАУ, үлдсэнийг бусад улсаас импортолж байна. Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн таван жилд 66%-иар өссөн бол тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан нийт автомашины тоо 53%-иар өсчээ.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ, автомашины тоо
Монгол Улсад дунджаар 1 автотээврийн хэрэгсэл нэмэгдэхэд шатахууны хэрэглээ 1.8 тонн буюу өдөрт 6 литр шатахууны хэрэглээ нэмэгдэхээр тооцоо гарч байна. Манай улсын хувьд автобензиний хэрэглээний дийлэнхийг жижиг тэрэг, нийт тээврийн хэрэгсэл эзэлдгээс хувийн хэрэглээ зонхилдог. Харин дизелийн түлшний хэрэглээний дийлэнхийг ачаа тээвэр, уул уурхайн машин механизм зэрэг хүчин чадал ихтэй техник хэрэгслүүд эзэлж байна. Дизелийн түлшний хэрэглээнд нөлөөлж буй голлох хүчин зүйлст бөөний борлуулалт буюу уул уурхай, төмөр замын салбар, жижиглэнгийн борлуулалт буюу автозамын тээвэр, хувийн хэрэглээ багтдаг.
Дизелийн түлшний борлуулалт